Тансаг зэрэглэлийн хаус зарах 7 зөвөлгөө

Тансаг зэрэглэлийн орон сууц, хаус борлуулах нь стандарт орон сууц борлуулахтай харьцуулахад хялбар биш боловч бас огт боломжгүй зүйл биш юм.  Үл хөдлөх хөрөнгийн зэрэглэл дээшлэх тусам түүнийг зарж борлуулахад шаардагдах мэдлэг ур чадвар өсөн нэмэгдэх шаардалагатай.

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийг борлуулах үед хүндрэлтэй нөхцөл байдлууд тулгардаг ба үүнийг тухайн үл хөдлөхийн эзэнч өөрөө урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Тансаг зэрэглэлийн үл хөдлөхийг зарах хамгийн оновчтой стратеги нь цаг алдалгүй зах зээлийн бодит үнээр тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байгаа болон зарж байгаа талуудад хэн хэнд нь ашигтай нөхцлийг санал болгох юм.
Хэрвээ та тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө зарах гэж байгаа бол доорхи зөвөлгөөнүүд таньд тус болох болов уу.


Оновчтой үнэ.

100 сая төгрөгийн байр байна уу, эсвэл 1 тэр бумын тансаг хаус байна уу үл хамааран зах зээл дээр тус үл хөдлөхийг зөв үнээр байршуулах нь чухал юм.

Хэрэв та, таны үл хөдлөх хөрөнгийг зарахаар зуучлах санал тавьж байгаа агентуудаас  хамгийн өндөр үнээр зарж чадна гэсэн агентыг сонгох шийдвэр гаргаж байгаа бол энэ нь алдаа байж болох юм. Магадгүй хамгийн том алдаа ч байж болох юм.
Учир нь тансаг хаусыг зах зээлд зарлах  хамгийн эхний мөчөөс л өрсөлдөхүйц үнээр санал болгох нь маш чухал ач холбогдолтой байдаг.
Тансаг зэрэглэлийн хаус зах зээл дээр өндөр үнээр удаан хугацаанд байрших хандлага нийтлэг байдаг, энэ нь тухайн хаусны үнэ цэнийг улам бүр унагах аюултай байдаг. Харин оновчтой үнээр байршуулж чадвал тухайн хаус хэдий үнэтэй байсан ч зах зээл дээр удаан байршиж, үнэ цэнээ алдах албагүй.


Тансаг зэрэглэлийн үл хөдлөх сошил зах зээлд хэрхэн байрших вэ?

Хэдийгээр үнэ хамгийн чухал боловч маркетингийн бусад үйл ажиллагаа цогцоороо хийгдэж байж борлуулалт хийгддэг.
Зар сурталчилгааны арга хэрэгслийн хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлагчид хэвэлмэл зар сурталчилгаа байршуулах тараах, захидал илгээх, байгууллага хувь хүмүүсийн хаалга тогшиж уулзалт хийх, уулзалт цуглаанд оролцох гэх мэт олон арга хэрэглэдэг тэндний дотроос сошил медиаг хамгийн өргөн ашигладаг.
Сошил медиа нь орчин үед хүн бүрт хүрч чаддаг хамгийн том маркетингийн хэрэгсэл болоод байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчид сошил медиаг дан ганц  facebook-р хязгаарлахгүй, Twitter, Instagram, Pinterest, LinkedIn, Youtube channel, web site, blog гэх мэт маш олон хэлбэрээр ашиглаж байна. Тэд өөр өөрсдийн ажиллах арга барилаас хамааран ямар нэг хэв загварт баригдалгүй сошил медиаг өөр өөр байлаар ашигладаг.


Олон нийтийн сүлжээ нь худалдан авагчдын хамгийн их ханддаг, мэдээлэл авдаг орон зай байдаг учраас зуучлагчид үүнийг мэдэрч ажиллах нь чухал байдаг. Хэдий тийм боловч тансаг зэрэглэллийн үл хөдлөхийг сурталчилахдаа олон нийтийн сүлжээг ямар байдлаар ашиглахаа сайн мэдэж байх хэрэгтэй, Энэ нь үйлчилүүлэгчдийнхээ үнэт зүйлсийг хөндөхгүй байхад чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл тансаг хаус заруулж байгаа өмчийн эзэд нэр төрөө эрхэмлэдэг, олон нийтэд сайн муу ярианы гол сэдэв болох сонирхолгүй, хэрэгцээ шаардлага өндөртэй хүмүүс байдаг. Тэдний үл хөдлөх хөрөнгө ямар үнээр яаж зарагдаж, эс зарагдаж байгаа олон нийтэд бүхэлд нь нээлттэй мэдээлэж болохгүй. 


Гэрэл зураг /видео/ виртуал аялал ямар чанартай байх вэ?

Нийт худалдан авагчдийн 90 гаруй хувь нь гэртээ болон ажил дээрээсээ онлайнаар үл хөдлөх хөрөнгө хайж эхэлдэг. Альваа зүйл хүний анхаарлыг татахад анхны сэтгэгдэл хамгийн чухал байдаг. Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнэ гэхээсээ илүү тухайн хаусны бусдаас ялгарах онцлог, чамин тансаг эрхэмсэг байдал худалдан авагчийн сонирхолыг татдаг.  Учир нь энэ зах зээлийн худалдан авагчид өөрийн сэтгэлд хүрсэн зүйлээ авахдаа илүү ихийг төлсөн ч сэтгэл хангалуун байж чаддаг үнэ цэнэтэй хүмүүс байдаг. Тэдний анхаарлыг татаж таашаалд нь нийцэх тийм ч амар биш.  
Тиймээс фото зураг, ведио бичлэгүүд нь өндөр чанартай бас уран сайхны мэдрэмжтэй байх хэрэгтэй. Сошил медиа дээр байршиж байгаа олон олон сурталчилгаанаас ялгарч чадахуйц, тухайн үл хөдлөхийн үнэ цэнийг илтгэхүйц илүү чанар, давуу байдал мэдрэгдэх нь чухал.




Цаг хугацаа, улирал нь мөн үү?

Тансаг зэрэглэлийн хаус худалдан авах шийдвэр гаргахад цаг агаар, улирал нөлөөлөх хандлага байдаг. Хавар зуны улиралд хүмүүс хотоос зайдуй зуслан маягийн хаус илүүтэй сонирходог бол өвөл ид утааны үер агаар сайтай бөгөөд хотын төвөөс холгүй хаус сонирхох нь олонтой байдаг.


OPEN HOUSE гэж юу?

Манайд одоохондоо тиймч түгээмэл болж хэрэглэгчдэд танигдаагүй боловч үл хөдлөх хөрөнгө зарах маркетингийн нэг хэлбэр бол OPEN HOUSE арга хэмжээ юм. Энэ нь энгийн үгээр тайлбарлавал тухайн хаусыг авах магадлалтай өөрөөр хэлбэл зорилтот зах зээлийг тодорхойлон тэдгээр хүмүүсийг нэг өдөр нэг цаг товлоод тухайн хаусаар зочилон ирж хаустай танилцахыг урьдаг. Хэдийгээр манайд сайн танигдаагүй арга хэлбэр боловч үл хөдлөх хөнгийн зах зээл өндөр хөгжсөн улсуудад нэлээд ач холбогдолтойд тооцогддог маркетингийн арга юм.  Уригдан ирсэн зочид цай кофе уух зуур хаустай биечлэн танилцах боломж олддог бөгөөд зарим нэг нь найз нөхөд, бизнессийн түнштэйгээ ч  тааралдан үр дүнтэй яриа өрнүүлэх таатай нөхцөл бүрддэгт олзуурхан ирдэг. Энэ арга хэмжээг зорилтот бүлэгтээ хүргэн зохион байгуулж чадсанаар тухайн цаг хугацаанд хаус худалдан авахаар хайж байгаа хүмүүст өөрийн хаусыг биечлэн танилцуулах боломж бөгөөд хэрвээ таны хаус чанар үнэ цэнэдээ таарсан ханшаар борлогдож байгаа бол эндээс худалдааны хэд хэдэн санал хүлээн авах нь гарцаагүй юм. Түүнчлэн уригдан ирсэн бусад зочид арга хэмжээнд ирсэн зочид өөрсдийн танил найз нөхөд, хаус худалдан авахаар сонирхож байгаа хүмүүст энэ арга хэмжээний тухай хуучлан ярих сонирхолтой сайхан сэдэв байх болно.
Тэгэхлээр OPEN HOUSE  арга хэмжээг зохион байгуулж байгаа зуучлагч маань тухайн зах зээл дээр ажилладаг, зах зээлийн сегментээ бүрдүүлсэн хүн байх нь юу юунаас илүү чухал. Тансаг хаусны OPEN HOUSE зохион байгуулахдаа олон нийтэд хандан сурталчилгаа явуулж хүн цуглуулвал энэ нь цаг хугацаа, үнэ цэнээ алдсан дэмий ажил болох болно.

Байрлал ба амьдралын хэв маягийг үнэн зөв дүрсэлсэн байх?

Тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авагчид нь хэрэгцээ, амьдралын хэв маяг бусдаас ялгаатай тав тухтай эрхэмлэсэн, дээд зэрэглэлийн тансаг байдлыг эрэлхийлж байдаг. Тэгэхлээр тэдэнд зориулсан үл хөдлөхийн сурталчилгаа нь байршлын давуу тал, амьдралын хэв маягийн онцлог давуу талын харуулсан байдлаараа бусад зараас ялгаран маш хурдан худалдан авагчийн анхаарлыг татдаг. Тансаг хаусыг зарахад видео бичлэг, виртуал тур гэх мэт нэмэлт зардалтай маркетингийг ашиглах зайлшгүй шаадлага гардаг.

Тансаг зэрэглэлийн хаусны ирээдүйн худалдан авагчид нь ихэвчлэн орчин тойронд нь өөр хэн амьдарч байгааг мэдэхийг хүсдэг. Энэ нь ирээдүйн хөрштэйгөө найз болох хүсэл гэхээсээ илүү тухайн орчны үнэ цэнийг тодорхойлох асуулт юм. Тиймээс энэ талаархи судалгааг үл хөдлөхийн мэргэжилтэн бэлтгэсэн байх нь чухал.




Та хэр тэвчээртэй байх вэ?

Хамгийн чухал зүйлсийн нэг нь худалдагч тансаг хаус худалдах үед цаг хугацааны хувьд тэвчээртэй хандах хэрэгтэй. Тансаг зэрэглэлийн хаус стандарт орон сууцны борлуулалттай харьцуулахад хэд дахин удаан хугацаа шаарддаг. Худалдагч тал үүнийг ойлгож тэвчээртэй хандах нь хамгийн чухал.

Тансаг зэрэглэлийн орон сууц худалдахад хугацаа шаарддаг нэг гол шалтгаан бол боломжит худалдан авагчдын тоо. 150 сая төгрөгний орон сууц авахаар агентад хандан хайлгаж байгаа хүмүүс өдөрт хэдэн арваараа байдаг бол 1 тэр бум төгрөгийн төсөвтэйгөөр хаус авахаар хайлгах хүн 3 долоо хоногт 1 л гарч ирдэг жишээтэй. Үүнээс гадна өнөөгийн монголын барилгын зах зээлийн нөхцөл байдал худалдан авагчийн буюу худалдан авагч талд илүү тааламжтай байна. Зах зээл дэхь нийлүүлэлт нь эрэлтээсээ хэд дахин их байгаа өнөөгийн нөхцөлд тансаг хаус зарна гэдэг тийм ч хялбар биш байна.

Тэгэхлээр та тансаг хаус зарах гэж байгаа бол зах зээлийн нөхцөл байдлыг мэдэрч уян хатан хандахаас гадна таныг төлөөлж байгаа үл хөдлөхийн зуучлалчтайгаа сайн ойлголцож хамтран ажиллах нь чухал юм.




Comments

Popular Posts